Features

Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ

 

Багануурын цахилгаан станцын энэ төсөл Монгол, Хятад хоёр улс эрчим хүчний салбарт амжилттай хамтран ажиллаж байгаагийн илэрхийлэл гэдгийг мөн онцоллоо. БНХАУ-тай хамтран “Амгалан” дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлж нэг сарын өмнө станцаа ашиглалтад орууллаа. Дулааны III станцын хүчин чадлыг 50 MBт-аар өргөтгөсөн бол одоо Багануур болон Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцыг ажлыг хамтдаа хийж гүйцэтгэнэ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Багануурын цахилгаан станцын талбайн ажлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Багануурын цахилгаан станц Багануур хотын хөгжийн гараа, нүүр царай болох төсөл. Энэхүү бүтээн байгуулалтыг дагаж Багануур хотод шинэ ажил, амьдрал өрнөх болно. 3,5 жилийн дараа бидний цугласан энэ талбайд 700 МВт хүчин чадалтай том станц босно гэж Ерөнхий сайд хэлээд энэхүү бүтээн байгуулалтыг хийх БНХАУ-ын “China nuclear industry 22” корпорацийн хамт олон хүлээсэн үүргээ хамгийн сүүлийн үеийн технологиор, цаг хугацаатай уралдан амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн удирдлага бүтээн байгуулалтын энэ ажлыг бүх талаар дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ. “Багануур Пауэр” ХХК энэ оны дөрөвдүгээр сард Хөрөнгө оруулалтын газартай Багануурын цахилгаан станц төслийг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Концессийн гэрээ байгуулсан юм. Энэ төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим ажлын байр шинээр бий болно. Багануурын цахилгаан станцын талбайн ажлын нээлтэд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Син Хайми нар оролцлоо. Багануур хотод баригдах үйлдвэр технологийн парк, Оюутны хотхон зэрэг бүтээн байгуулалтын цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийг бүрэн шийдвэрлэж, Багануур дүүргийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм.